захиралМанай сургуультай хамтран ажиллагч гадаад дотоодын байгууллага, хамт олон, хувь хүмүүс, тус сургуультай танилцаж буй та бүхэндээ ажлын өндөр амжилт, аз жаргал эрүүл энхийг хүсэн мэндчилж байна. Улс орны

хөгжлийн хөдөлгөгч хүч болсон мэргэжилтэй ажилтан бэлтгэх түүний дотор Монгол улсад уул уурхай, зам барилгын салбарын мэргэжилтэй ажилтнууд бэлтгэх үндсэн зорилгоор 2008 онд Чойр хотноо байгуулагдсан цагаас хойш өдгөө 6 жил болж байна.  Анх тус сургууль 4 мэргэжлээр 98 оюутан, 12 багштай сургалтын үйл ажиллагаа эхэлж байсан бол өнөөдөр Монгол улсын уул уурхайн жишиг сургууль-Политехник коллеж болон өргөжиж техникийн боловсролоор 9 мэргэжил, мэргэжлийн боловсролоор 8 мэргэжил, мэргэжлийн сургалтаар 11 мэргэжлээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгээр 50 багш, 35 ажилтан, албан хаагчтай сургалтын үйл ажиллагаа эрхлэж байна. Манай политехник коллеж 2013-2014 оны хичээлийн жилд Хөдөлмөрийн яамнаас өгсөн квотын дагуу 15 мэргэжлээр 809 оюутан суралцаж байна. Сургуулийг анх байгуулахад Говьсүмбэр аймгийн ЗДТГ, Дэлхийн Зөн олон улсын байгууллага, Герман улсын сайн санаат хүмүүсийн сэтгэлийн өглөг 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт чухал нөлөө үзүүлснийг дурдахад нэн таатай байна. Тус материаллаг баазыг түшиглэн АНУ-ын Мянганы сорилтын сангийн Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн 3,7 сая ам. долларын хөрөнгө оруулалтаар “Монгол улсын Уул уурхайн жишиг сургууль” болон өргөжиж дэвшилтэт технологи бүхий техникийн 8 суурь лаборатори, мульт медиа, онлайн сургалтын 3 лаборатори, студи бүхий 1200 м.кв талбайтай орчин үеийн дадлагын газар, техник, тоног төхөөрөмжийн хамт Мянганы Сорилтын Сан албан ёсоор манай сургуульд 2013 оны 9-р сарын 17-ны өдөр хүлээлгэн өглөө. Мөн тус төслийн хүрээнд 44 багш, удирдах ажилтанг Австрали, Сингапур, Канад зэрэг өндөр хөгжилтэй орнуудад мэргэжил дээшлүүлж, Ази номхон далайн бүсэд магадлан итгэмлэгдэх түвшинд сургалтын орчин, багшлах боловсон хүчний чадавхийг дээшлүүлсэн.

 

Мөн түүнчлэн Оюутолгой ХХК-ны Мэргэжлийн боловсролыг дэмжих төслийн хүрээнд 3,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар спорт-урлагын заал, мульт медиа тоноглол бүхий 250 хүүхдийн суудалтай хичээлийн байр, 120 хүүхдийн ортой оюутны байр, 15 айлын багтаамжтай орон сууц ашиглалтад оруулж, С-IV түвшинд 12 багшийг ИТАС-ын чадамжид суурилсан сургалтад хамруулсан төдийгүй 2 багшийг Австрали улсад туршлага судлах сургалтад хамруулан сургасан.

Ирэх 3 жилд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хөрөнгө оруулалтаар “Уул уурхайн салбарт дахь нийгмийн түншлэлийг хөгжүүлэх” төслийн хүрээнд техникийн боловсрлыг хөгжүүлэх чиглэлээр 3 жилийн хугацаатай төсөл 2013 оны 6-р сараас манай сургууль дээр хэрэгжиж эхлээд байна. Энэхүү төслийг хэрэгжүүлсний үр дүнд монгол хүний мэргэжлийн ур чадвар, үнэлэмжийг дэлхийн түвшинд хүргэхэд бодит тус дэм болох юм. Төслийн үйл ажиллагааны эхний шатанд ХБНГУ-д техникийн нарийн мэргэжлээр сургалт явуулах мастер багшийн түвшинд 3 багш мэргэжил дээшлүүлээд байна.

Энэхүү бид бүхний хөдөлмөрийн үр шим, удирдлага, багш, ажилтан, ажилчдын ажлын амжилт, бүтээлч үйл ажиллагааны үр дүн манай сургууль АНУ-ын Мянганы Сорилтын Сангаас №-01 дугаартай “Уул уурхайн салбарын Жишиг сургууль” гэсэн батламжийг хүлээн авч сургалтын шинэ тогтолцоонд шилжих эхний алхамыг амжилттай хэрэгжүүлж чадлаа.

Манай хамт олон 2008 оны аймгийн боловсролын салбарын шилдэг байгууллага-бүтээлч хамт олон, 2009 оны боловсролын салбарын шилдэг менежменттэй байгууллага, 2010, 2012 оны аймгийн тэргүүний хошой байгууллага болсон нь бид бүгдийн хамтын хүч, нэгэн зорилгын дор идэвх зүтгэлтэй гар нийлэн ажилласны үр дүн, амжилтын илэрхийлэл билээ.

Цаашдаа бид “Орчин үеийн технологийн хэрэглээг сургалт-ажлын байр-үйлдвэрлэлийн салбарт хүргэх, олон улсын жишиг хандлагад нийцсэн уул уурхайн тэргүүлэх мэргэжилтэн бэлтгэдэг манлайлах сургууль болох” эрхэм зорилго тавин ажиллаж байна.

Энэхүү зорилго хэрэгжиж манай сургууль монголын төдийгүй дэлхийн чанар стандартад нийцсэн Ази, номхон далайн бүсэд магадлан итгэмжлэгдсэн уул уурхайн жишиг сургууль болох бэлэг дэмбэрэлтэй цаг ойрхон байна. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Монгол улсын уул уурхайн жишиг сургууль

Политехник коллежийн захирал Г.Энхбат